• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ХАВДРЫН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ СУВИЛАЛ БАЙГУУЛАГДАНА

Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд болон Хилийн чанад дахь Монголчуудын холбооны төлөөлөгч нар сумын Засаг даргатай албан ёсоор уулзалт хийж “Хавдрын сэргээн засах төв сувилал”-ын 2021-2022 онд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Энэхүү сувилал нь 120 ортой, 50 орчим мэргэжилтэнтэй байх бөгөөд Монгол улсын хэмжээнд анх байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Сувиллын зорилго нь  хавдраар өвдсөн иргэдийн  өвчний шинж тэмдгийг  багасгах, хордлого тайлах, хоол шим тэжээлээр хангах зэрэг бусад эмчилгээтэй хавсарч  эмчилгээг үр дүнтэй болгоход оршино. 

Хавдрын талаар мэдээлэл хүргэхэд жил бүр 6000 хүн хавдраар өвчилж, 4000 хүн нас бардаг. Илүү тодруулбал, хорт хавдраар жилийн 365 хоногт өдөр бүр 16 хүн өвчилж, 12 хүн нас бардаг гэсэн үг. Монгол Улсын нэг сум ойролцоогоор 2000 хүнтэй. 330 сум байдгийн хоёр нь нэг жилийн дотор хорт хавдраар нас бардаг гэж зүйрлэж болохоор байна.

Энэ нь хавдрын өвчлөл манай улсын хувьд халдварт өвчин мэт болчихсон байгаа учраас энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эмчилгээний цогц үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байгааг харуулж байна. Хавдар судлалын үндэсний  төв  нь улсдаа ганц байдаг хавдрын эмнэлэгтэй. Гэтэл манайхаас нэг дахин бага газар нутагтай, 2.4 сая хүн амтай Эрхүү мужид манай  хавдрын төвтэй адилхан эмнэлэг гурав дахин их ортой байна. Тодруулбал, манайх 275 ортой. Харин Эрхүүгийн эмнэлэг 994 ортой. Манайд нэг ч сувилал байхгүй байхад тэнд 150 ортой сувилал байдаг байна.  Эрхүү мужид 27 мэс заслын вакум өрөөтэй байхад манай улсын эмнэлэг 1988 онд баригдсан хоёр мэс заслын өрөөндөө засвар хийж  өргөтгөн дөрөв болгосон байна.

Тэгэхээр манай суманд байгуулагдах Хавдрын сэргээн засах төв сувилал нь хүний эрүүл мэндийг дэмжих энэ цаг үед хамгийн чухал ажил болно гэдгийг уулзалтанд оролцсон мэргэжлийн хүмүүс онцолж дурдлаа.

 

2021-06-25 00:00:00