• 88139921
  • towaltanbulag@gmail.com
Танилцуулга

 

            Тус сум нь 1691-1911 онд тухайн үеийн нэршлээр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, Богд хаант монгол улсын үед /1911-1922 онд/ Богд Түшээт хан аймгийн Сүжигт Гүнгийн хошуу ард иргэдийн нэрлэдгээр Туулын Гүний хошуу нэгртнэй байсан.  Нийт газар нутгийн хувьд 566 мянган га нутаг дэвсгэрийг эзэмшин оршдог.

            Тус сум нь 998 өрхийн 3346 хүн амтай, 334.678 толгой малтай сум юм. Төсвийн 5 байгууллагад  112 төрийн албан хаагчид иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж ажиллаж байна. Сумын нутаг дэвсгэр дээр Зэвсэгт хүчний Мотобуудлагын 345-р бригад, Зэвсэгт хүчний 311-р анги, Зэвсэгт хүчний 119-р анги, Голландын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Тахь адууг сэргээн нутагшуулж байгаа Хустайн байгалийн Цогцолборт газар зэрэг оршдог.

            Сүүлийн жилүүдэд иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн компаны 100%-ийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг төвлөрсөн халаалтын системд холбох, ТАХ, залуу гэр бүлийг хямд үнэтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд 12 айлын Хаус хорооллын барилгын ажлыг эхлүүлэх, Улаанбаатар хоттой  сумын төвийг засмал замаар холбосон, шинэ сууршлийн бүс болон захын хороололд 472 сая төгрөгийн эрчим хүчний сайжруулалт хийх, иргэнд газар өмчлүүлэхэд сумын үндсэн иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж 4927 иргэнд 2087,9 га газар өмчлүүлэх, “Эко тохилог хашаа” төслийг хэрэгжүүлэх, мах сүүний үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулж МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг сумандаа боловсруулж үйлдвэрлэж байна.

            Сумын нутаг дэвсгэрээр 100 гаруй км урсан өнгөрдөг Туул голын бургасан ойг нөхөн сэргээх зорилгоор чацаргана, үхрийн нүд зэргийг тарьж  гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргаж байна. Голын хойд талын нутаг ойт хээр, хээрийн бүсийн хосолмол, урд тал нь хээрийн бүсэд хамрагдах цогцолсон өвөрмөц тогтоц бүхий газар бөгөөд сумын нутагт 450 гаруй зүйлийн гуурст ургамал, түүний дотор 40-өөд зүйлийн эмийн ургамал ургадаг. Сумын нутагт гүн өрмийн худаг-104, гол-2, нуур-1, хөв-2 энгийн уурхай худаг-58, булаг -25 байдаг.

Тахь, халиун буга, аргаль, янгир, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр, шилүүс, үнэг, чоно, хярс, туулай зэрэг 48 зүйлийн хөхтөн амьтан, цэн тогоруу, тоодог, өрөв тас, тас, алаг тоншуул зэрэг 161 зүйлийн шигүүртэн, тул, гутаар, алгана, цулбуурт, зэвэг зэрэг 10-аад төрлийн загас бүртгэгдсэн байдаг. Эртний түүхийн дурсгалт газар Түрэгийн үеийн тахил шүтээн болох 6-8 дугаар зууны үед хамаарагдах Өнгөтийн хөшөө дурсгал нь Монголдоо төдийгүй төв Ази дахь хамгийн олон хүн чулуутай цогцолбор юм.

-МАА-н үйлдвэрлэл дээр гаргасан амжилтуудаараа төр засгаас үнэлэгдэн Л.Рэнцэндорж, С.Дорж, С.Мэндбат, Ч.Мөнх-Очир, С.Даваасамбуу, Х.Нямжав, Ц.Намжил нар Улсын аварга малчин, С.Бямбанайдан ахлагчтай “Монгол эсгий”, М.Батчулуун ахлагчтай “Баян Сонгинот” зэрэг малчдын бүлгүүд нь Улсын тэргүүний малчдын бүлгээр тус тус шалгаран шагнагдсан юм.

2021-10-01 00:00:00